Б.Алтантуяа: ДОТООД АУДИТ НЬ БАЙГУУЛЛАГЫН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ САЙЖРУУЛАХ СИСТЕМ ЮМ
2020 оны 06 сарын 29

Бид энэ удаагийн ярилцлагынхаа зочин хойморт БОСА Холдинг ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дарга Баатарын Алтантуяаг урилаа.

1. Сайн байна уу. Манай уншигчдад та өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу та бүхэнд нийтлэл хүрэх өдрийн мэндийг хүргэе.

Миний бие Баатар овогтой Алтантуяа нь БОСА Холдинг ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дарга албан тушаалтай, нөхөр хүүхдийн хамт амьдардаг. БОСА Холдинг ХХК-д 8 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна.

2. Хүн бүрийн анхны ажил сэтгэлд тод үлддэг шүү дээ, ажлын гараагаа хаанаас эхэлж байсан вэ?

Тухайн үед манай сургууль Голомт банктай хамтран амжилттай төгссөн оюутнуудаа тус банкинд зуучилж төгссөн даруйд нь ажлын байраар хангах бодлогыг баримталдаг байлаа. Ингээд 2010 онд Мандах Бүртгэл их сургуулийг Татварын эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд шууд Голомт банкинд ажилд орсон.

Банкны ажил бол өдөр өдөртөө хийгдэж дуусдаг. Тухайн өдрийн орлого, зарлагын гүйлгээ нь тэр өдөртөө хаагдаж, бэлэн мөнгөний тооллого тооцоогоо тэглэж бүх баримтуудаа үдэж цэгцэлж дуусгадаг гэсэн үг. Нэг үгээр бол хүнийг их хариуцлагатай болгодог юм шиг санагдсан. Харилцагчийн үйлчилгээний ажилтан хийж байсан маань сэтгэлд тод үлджээ. Нэг харилцагчид 1,500,000 мянган төгрөг илүү өгөөд явуулчихсан юм. Тэр үеийнхээр бол маш их мөнгө, хариуцлага алдсанаа ээж, аавдаа хэлэхээс ч айгаад уйлаад сууж байтал нөгөө хүн маань мөнгөө бариад хүрээд ирсэн. Тэр үед ямар их баярласан гээч. Гэхдээ өөртөө буруу өгч энэ үйл явдлаас маш том сургамж авч байсан. Хүн ер нь алдсан алдаанаасаа суралцаж дахин давтахгүйн тулд бүр илүү хичээх хэрэгтэй.

3. Анх БОСА хэмээх энэ том айлд ажилд ороод өөрт тань төрж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?

2013 оны 1 сард Бизнетворк ажлын сайтад хандан БОСА Холдинг ХХК-аас зарлагдсан нягтлан бодогчийн албан тушаалд өөрийн CV-гээ илгээж байлаа. Ингэхдээ өөр компанид СV-гээ өгөлгүй БОСА Холдинг ХХК-аас хариу хүлээж байлаа. Тэгтэл компаниас надтай холбоо барьж эхний шатны ярилцлагад дуудсан юм. Гэхдээ нягтлан бодогчийн албан тушаал дээрээ хүн авчихсан байсан бөгөөд “манайд дотоод аудиторын орон тоо байна та юу гэж бодож байна” гэж асуусан. Тэр нь надад илүү сонирхолтой байсан учраас шууд л зөвшөөрч шалгалт өгөөд явсан. Удалгүй эргэн холбоо барьж дараагийн шатны ярилцлагад дуудаж туршилтын хугацаанд ажиллуулах боломжтойг дуулгасан. Ингээд л би анх БОСА Холдинг гэдэг айлын хаалгаар орж ирсэн дээ.

4. Хамт олон, ажлын уур амьсгал таныг хэрхэн хүлээж авав?

Анхны сэтгэгдэл гэвэл халуун дулаан мэдрэмж байсан. Намайг ажилд орохоор ирэхэд компанийн баруун жигүүрийн 2 давхарт маш том уран зураг байсан. Тэр зургийг хараад яагаад ч юм компанийг бүхэлд нь харах шиг л санагдаж байлаа. Энэ их сонин мэдрэмж л дээ. Тухайн үед БОСА Холдинг компанидаа хамгийн залуу ажилтан нь байлаа. Өөрөө хүүхэд юм байж хүүхэдтэй юм уу гээд хүмүүс их гайхдаг байсан. /инээв/

5. Таны ажлын онцлогийг уншигчиддаа илүү дөхүү ойлгуулахыг хүсэж байна л даа. Тэгэхээр аудитын талаар яриагаа үргэлжлүүлье.

За тэгье. Аудитыг ер нь дотоод аудит болон хөндлөнгийн аудит гэж авч үздэг. 2-лаа л байгууллагад нэн чухал ач холбогдолтой.

Дотоод аудитыг хамгийн энгийн үгээр тодорхойлбол компанийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хууль тогтоомж болон дагаж мөрдүүлэхээр баталсан тушаал, журам, заавар, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж компанийн үр ашгийг дээшлүүлэх зорилготой алба юм.

“Дотоод” гэсэн тодотгол нь бид дотооддоо өдөр тутамд дээрх зүйлсийг даган мөрдөж, өгсөн зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа илүү сайжруулан, цаашлаад хамтдаа илүү хүчтэй байж бизнесийн эцсийн зорилгод хүрэх явдал юм.

Хөндлөнгийн аудит бол компанитай байгуулсан гэрээний дагуу санхүүгийн бүртгэл, хөтлөлт, тайлагналыг хянаж шалган, дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хуулийн этгээдийг хэлдэг.

6. БОСА Холдинг ХХК-ийн Дотоод аудитын хэлтэст хэдэн хүн ажиллаж байна. Бүтэц чиг үүргийн хувьд илүү дэлгэрүүлбэл.

Манай хэлтэс нь Дотоод аудитын хэлтсийн дарга-1, дотоод аудитор -3, хяналтын тооллогын нягтлан бодогч -1, хяналтын тоологч -4, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Чиг үүргийн хувьд БОСА Холдингийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт 9 гишүүн компанид санхүү болон үйл ажиллагааны чиглэлээр заавар, зөвлөмжийг өгч илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, эрсдэлээс зайлсхийх, учирч болох хохирлыг хамгийн бага түвшинд хадгалахад бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

Хяналтын тооллогын баг нь гишүүн компаниудад гэнэтийн тооллого хийхээс гадна тооллого хийгдэж буй салбарын худалдааны зөвлөх болон кассын ажилтнуудад байнгын заавар зөвлөмжийг өгдөг. Ийнхүү нэгж бүртэй хамтран ажиллаж, хяналтын тооллогоор өгсөн заавар, зөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажилласан байдалд үнэлгээ өгч, үр дүнг чухалчлан ажилладаг.

БОСА Холдинг ХХК-ийн бизнесийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байгаагийн хэрээр салбар дэлгүүрүүдийн тоо нэмэгдэж байгаа тул энэ ондоо хяналтын тооллогын бүтэн 1 багийг нэмэгдүүлэн ажиллахаар удирдлагууд шийдвэрлэсэн байгаа. Тиймээс Дотоод аудитын хэлтсийн хувьд улам л илүү өргөн цар хүрээнд ажиллах болж нийт компаниудын хэмжээнд эрсдэл, зөрчил дутагдлын тоо буурна гэж хэлж болно.

7. Дотоод аудит нь байгууллагад учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхээр өдөр бүр ажиллаж байна. Цаашлаад нэгж бүрт ямар ач холбогдол, ямар үр өгөөжтэй байдаг вэ?

Дотоод аудитын үр өгөөжийг ярихын өмнө бид дотоод хяналт гэдэг зүйлийн ач холбогдлыг ойлгож, албандаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.

Дотоод хяналт нь гүйцэтгэх удирдлагад захирагдах бөгөөд байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахад чиглэгддэг. Дотоод хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулж ажиллаж байгаа компани цаанаасаа л илэрхий байдаг. Учир нь дотоод аудитын шалгалт ороход зөрчил дутагдал бага илэрдэг, мөн илэрсэн зөрчил дутагдал дээрээ ажиллагаа хийгээд эхэлчихсэн буюу өөрсдийн алдаатай үйл ажиллагааг цаг алдалгүй олоод харчихсан нь давуу тал болдог. Манай гишүүн компаниуд дотор дотоод хяналтыг хамгийн үр дүнтэй зохион байгуулж ажиллаж байгаа компани бол Блү Голд ХХК байгаа юм. Бид дотоод хяналт шалгалтыг илүү үр дүнтэй зохион байгуулахад анхаарал хандуулан ажиллаж байна.

8. Ерөнхийгөөр нь авч үзвэл аудитын үүрэг оролцооны эцсийн үр дүн юунд хүрэх вэ?

Байгууллага дотор олон чиг үүрэгтэй хэлтэс, газар, нэгж бий. Борлуулалт, хүний нөөц, санхүү, маркетинг гээд бүгд өөрсдийн хариуцсан чиг үүргийнхээ хүрээнд ажилладаг бол дотоод аудит тэр болгоныг бүхэлд нь, өргөн хүрээнд харж, зөв ажиллаж байна уу, үр дүнтэй байна уу гэдгийг нь хараат бусаар баталгаажуулах, зөвлөх үүрэгтэй оролцдог. Ингэхдээ үнэн зөв, бодит мэдээллээр Хувьцааа эзэмшигчдийг хангаж, удирдлагыг стратеги, зорилтоо тодорхойлох, удирдан чиглүүлэхэд нь тусалдаг.

Иймд дотоод аудит нь байгууллагын өөрөө өөрийгөө сайжруулах систем буюу нэг ёсны байгууллагыг хөдөлгөгч хүч гэж тодорхойлж болно.

9. Аудиторуудын нийтлэг зан чанар гэж байдаг уу? Хувь хүн талаас нь дотоод аудитор хүнийг тодорхойлооч?

Аудит нь нарийн мэргэшил шаардсан, ачаалалтай, асар өндөр хурд, ур чадвар шаарддаг ажил байдаг. Аудитор хүнд байх ур чадваруудыг дараах байдлаар тодорхойлдог. Үүнд:

  1. Хувь хүний хувьд: Ёс зүйтэй, үр дүнд суурилсан, суралцах эрмэлзэлтэй
  2. Харилцааны хувьд: Уян хатан, үр дүнтэй, бусдыг зоригжуулагч
  3. Мэргэжлийн хувьд: Нухацтай, мэргэжлийн ур чадвартай

Дотоод аудиторууд нь байгууллагын бизнесийн нэгж бүртэй харилцдаг. Тиймээс миний хувьд аудитор хүний хамгийн чухал чадвар бол харилцааны ур чадвар гэж боддог. Аливаа асуудлыг уян хатан байдлаар харж, үр дүнтэйгээр шийдвэрлэсэн байх шаардлагатай гэж үздэг. Аудитор хүнийг мөн байгууллагын итгэлт зөвлөх гэж ярьдаг. Иймд аудитор хүн байгууллагын хамгийн хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаа гэдгээ ухамсарлаж, өдөр тутам ажил үүрэгтээ бодитой, баталгаатай, найдвартай байдлыг хангаж буй эсэхээ дахин дахин нягталж байх шаардлагатай байдаг.

10. Өнгөрсөн хугацаанд буюу 7 жилийн хугацаанд хийсэн ажлаа нэг дүгнэвэл... Ололт амжилт хийгээд сургамж зэрэг

Миний хувьд анх ажилд орохдоо дотоод аудитын тухай ямар ч ойлголтгүй байлаа. Одоо эргээд харахад дотоод аудитороор 2 жил, ахлах аудитороор 4 жил, хэлтсийн даргаар 1 жил гаруй хугацаанд ажиллаж байгаа нь манай байгууллага хувь хүний карьер хөгжилд хэрхэн анхаарч ажилладгийн нэг жишээ юм.

Мөн энэ хугацаанд өөрийгөө дайчлан мэргэшсэн дотоод аудитор болж, тодорхой хэмжээнд өөрийнхөө мэдлэг ур чадварыг нэмэгдүүлсээр ирлээ. Энэ нь ажлын байран дээр суралцсан, мэдлэг туршлага гэдэг зүйлтэй харьцуулшгүй юм. Учир нь энэ 8 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил минь маш олон зөрчлийн акт, шалгалтын тайлангаар тодорхойлогдох хэдий ч энэ бүхний цаана маш олон эрсдэлээс хамгаалсан, байгууллагад үнэ цэнэ авчирсан зүйл байгаа гэдгийг бодоход сайхан байдаг. Ямар ч ажилд сайн сайхан тал, сул тал бий. Аудитын ажилд сайн тал маш олон. Үүний зөвхөн нэгхэн хэсгээс дурдвал аудитор хүн ажлаа хийх явцдаа маш хариуцлагатай, олон талын мэдээлэл, мэдлэгтэй болсон байдаг. Үүнээс гадна хүнтэй харилцах харилцааны ур чадвар, бас нээлттэй хэрнээ нягт нямбай гэх мэт чадваруудтай болдог.

Харин сул тал нь аудитаар олж илрүүлсэн зүйлсийг хүлээн зөвшөөрүүлэхтэй холбоотой бусадтай санал нийлэхгүй байх тохиолдол тулгардаг. Гэсэн хэдий ч бид асуудлыг чин шударга, зарчимч, эв зүйгээр шийдвэрлэхийг зорьдог. Миний хувьд хийгдэж байгаа хяналт шалгалт бүрээсээ ямар нэг сургамж авч, түүнийгээ хэрэгжүүлэн ажиллахыг хичээдэг.

11. Мэдээж энэхүү хариуцлагатай албыг авч явахад хамт олон, удирдлагын дэмжлэг туслалцаа их хэрэгтэй байдаг болов уу?

Намайг аудитын ямар ч мэдлэг, ур чадваргүй байхад өдий зэрэгт сургаж, үргэлж зааж, зөвлөж, дэмжиж, хурцалж ирсэн хүн бол БОСА Холдингийн захирал Б.Нандинчимэг юм.

Б.Нандинчимэг захирлаас сурч авсан зан чанар хийгээд арга барил, үлгэрлэн авсан маш олон сайн сайхан зүйлс байдаг юм. Энэ завшааныг ашиглаад үргэлж талархаж явдгаа хэлэхэд таатай байна. Ингээд тантай яриад сууж байхад байгууллага хамт олон, өөрөөрөө бахархах сэтгэгдэл төрж байна. Мөн бидний ажлыг хүндлэн хамтран ажилладаг нийт гишүүн компаниудын удирдлагууд болон ажилтнууддаа талархал илэрхийлье. Бид цаашид маш олон зүйлсийг бүтээхэд хамтран ажиллаж, энэ хүнд хэцүү цаг үеийг даван туулж, ард нь гарах сайхан цаг үе ирэх болно.

12. Таны ажилдаа баримталдаг гол зарчим юу вэ?

Миний ажилдаа баримталдаг зарчим бол төлөвлөгч байх зарчим. Аудитын хувьд хяналт шалгалтууд нь жилээрээ төлөвлөгдсөн байдаг. Төлөвлөгдөөгүй гэнэтийн ажлууд гарч ирдэг ч тэр ажлуудаа мөн аудитын хөтөлбөрийн дагуу хэзээ хийж эхлэх, хэд хоног хийх, хэзээ танилцуулах зэргээр маш нарийн төлөвлөж ажилладаг.

Аливаа ажлыг маш сайн төлөвлөж, төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэж чадвал эмх цэгцтэй байхаас гадна үр дүнтэй олон ажлыг хийж гүйцэтгэж чаддаг гэж боддог.

Ажлын байранд ч гэлтгүй амьдралдаа ч мөн адил төлөвлөгч байхыг хичээдэг. Би хувийн санхүүгийн бүртгэл хөтөлдөг, одоогийн нөхцөл байдалтай холбогдуулан 2020 оны 9 сарыг дуустал төлөвлөсөн байгаа. Мөн сүүлийн үед өдөр тутмын гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээг хянах зорилгоор 7 хоногоор төлөвлөгөө гарган, анхааран хэрэгжүүлж байна. Ер нь сайн төлөвлөгч байна гэдэг нь өөрт хэрэгтэйгээс гадна үр хүүхдэдээ ч үлгэр дууриалал болдог.

13. Танд ажлын стресс хэр байдаг вэ? Та өөрийн ажлын эрч хүч, урам зоригоо юунаас авдаг вэ?

Их сайхан асуулт байна. Мэдээж миний ажлын хувьд маш олон албан тушаалын хүмүүстэй харилцдаг болохоор стрессдэх үе гаралгүй яахав. Хүн ер нь стресстэй, бухимдалтай үедээ хамгийн буруу шийдвэрийг гаргадаг юм шиг санагддаг, тиймээс стресс гэдэг зүйлийг их хурдан аргаар, биедээ төвөг учруулалгүй арилгахыг хичээдэг. Стрессээ арилгахын тулд өөрийгөө цэнэглэх цаг гаргах хэрэгтэй гэж боддог. Энэ нь ажлын бус цагаар ажилтай холбоотой зүйл хийхгүй байх, ажлын талаар бодлоо заримдаа унтрааж байх шаардлагатай юм. Амралтын өдрүүдээ аль болох дэмий өнгөрөөх хэрэггүй, өөрийн дуртай зүйлээ хийж, аль болох цахим орчноос өөрийгөө тусгаарлаж унтаж амрах гэх мэтээр. Би өөрөө дуу хөгжимд их дуртай, тиймээс тархиа амраахын тулд тархины үйл ажиллагаа дэмжсэн аяз сонсох дуртай. Та бүхэнд санал болгоход Иогийн, бясалгалын аянууд сонсоод, уртаар амьсгаагаа аваад гаргахад бас их гоё мэдрэмж авдаг шүү. Мөн надад эрч хүч, урам зориг өгдөг маш олон найз нөхөд, хамтран ажиллагсад байдаг. Хүн ер нь дандаа сайн сайхан зүйл бодож байх хэрэгтэй.

Сайн сайхан зүйлсийг төсөөлөн бодож, төсөөллөө бодит болгох л хамгийн сайхан зүйл.

Би орой бүр унтахынхаа өмнө сайхан зүйлсийг төсөөлөн бодоод амардаг. Ингэж эрч хүчээ аваад хамгийн сайнаараа ажиллахад бэлэн болдог доо.

14. Таны бодлоор аудитын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хүчин зүйлүүд юу байдаг вэ?

Нэг үеэ бодвол дотоод аудитыг хүмүүс ойлгож, эерэгээр хүлээж авдаг болсон нь харагдаж байгаа.

Ажлаа шалгуулж байгаа хэлтэс, нэгж, ажилтан нь дотоод аудитын зөвлөмжийг хүлээн авч, түүнийгээ ажилдаа хэрэгжүүлэх нь л бидний гол зорилго. Тиймээс өрсөлдөгчид биш хамтран ажиллагсад гэдгээ ойлгоод тухайн асуудлыг шийдвэрлэх арга замыг олоод явбал байгууллагын ажил сайжирч төдий чинээгээрээ амжилтад хүрэхэд илүү ойртох болно.

БОСА Холдингийн Ерөнхийлөгч Ц.Батбаяр захирал надад Дотоод аудит бол байгууллагын эмч гэж хэлж байсан. Эмч хүн эмчлүүлэгчийг оношлохдоо нягт нямбай, гүйцэд сайн оношлож өвчнийг илрүүлнэ. Харин өвчтөн өөрийнхөө өвчнийг мэдээд хэзээ ч эмчрүүгээ надаас өвчин илрүүллээ гэж гомдоллохгүй зөвхөн өвчнөө хэрхэн эмчилж эдгээх талаар л зөвлөгөө авдаг. Энэ л дотоод аудитын мөн чанар юм гэж хэлсэн нь хэзээ ч мартагдахгүй зөвлөмж болж үлдсэн. Шинэ залуу аудиторууддаа ч үүнийг хэлэх дуртай байдаг.

15. Орчин үед дотоод аудит ямар ямар чиглэлд анхаарал хандуулж байна вэ?

Бүх л мэргэжил, албан тушаалуудад мэдээллийн технологийн хөгжил нөлөөлж ямар чиглэлд хэрхэн ажиллах уу гэдэг асуулт тулгарч байгаа.

Дотоод аудитын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг ашигласнаар маш олон эерэг нөлөө үзүүлэхээр харагдаж байна. Аудит нь түүврээр биш бүх мэдээллийг шинжлэх, цаг хугацааг хэмнэх, байнгын хяналт хийх гэх мэт томоохон боломжууд бий болж байна. Мөн зарим томоохон компаниуд дотоод аудиторуудаа мэргэжил, салбар бүрээс туршлагатай ажилтнуудыг сонгож нэг нэгнийхээ дутуу ур чадваруудыг нөхөх байдлаар хүний нөөцөө бүрдүүлж ажиллаж байна. Мэдээллийн аюулгүй байдал мөн нэн чухал анхаарах асуудал байгаа. Мэдээллийн аюулгүй байдал хангах тал дээр хүн бүрийн үүрэг, хариуцлага нэн чухал юм. Бид ч гэсэн орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг эрмэлзэж БОСА Холдинг компанийн Дотоод аудитын хэлтсийн нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хүлээсэн учраас цаг үеийн нөхцөл байдлыг үл хамааран урагшаа алх гэсэн дүрмийг мөрдөн ажиллаж байна даа.

Хувийн зүгээс бүх уншигчиддаа ажил, амьдралынхаа тэнцвэрт байдлыг алдагдуулалгүй ажиллахыг зөвлөж байна.

16. Ярилцлага өгсөнд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Баярлалаа. Танд болон нийт уншигчиддаа ажлын өндөр амжилт хүсье.

БОСА Холдинг ХХК-ийн Дотоод аудитын хэлтсийн дарга Баатарын Алтантуяа бидэнд дараах зөвлөмжүүдийг хүргэлээ.

  • Зөвлөгөөг ав.
  • Ажил амралтаа зохицуулж, гэр рүүгээ ажлаа зөөхгүй байх.
  • Ямар нэг сонирхлын бүлгүүдэд нэгдэж, өөрийгөө үргэлж боловсруул.
  • Та хэн нэгэнтэй өрсөлдөх хэрэггүй, зөвхөн өөрийгөө өчигдрөөсөө илүү л байлгахад болно.
  • Ажил, амьдралаа тэнцвэртэй байлгаад сурчихвал таниас маш олон сайхан санаа, онцгой зүйлс гарах болно.