blog

ЖЮҮ ЖИЦҮГИЙН УАШТ

2018 оны 01 сарын 08

Монголын жюү жицүгийн холбооны өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд 1-р сарын 6, 7-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд Active брэнд дэмжин ажилласан бөгөөд 36 байгууллагын 400 гаруй тамирчид өрсөлдлөө.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох, ерөнхий шүүгч АНУ-ын иргэн, “Ралф Грейсси Беркли салбарын захирал, жюү жицүгийн хар бүст Дэвид Клахан тэргүүтэй хүмүүс оролцов.

Тэмцээний эхний өдөр өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын тэмцээн болж шилдгүүдээ тодруулсан байна. Тус тэмцээний хоёр дахь өдөр No Gi болон контак жюү жицүгийн анхдугаар тэмцээн болсон байна. Амралтын өдрүүдэд үргэлжилсэн тус тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө.
Арван жилийн ойтойгоо золгосон Монголын Жюү Жицүгийн холбоо энэ оны эхэнд хоёр том тэмцээн зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Харин удаах тэмцээн нь нэгдүгээр сарын 27-28-нд Улаанбаатар хотод болох Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран зохион байгуулах Азийн нээлттэй тэмцээн /Asia continental pro jiu-jitsu championship-GI/ юм.