“Манай гэрийн цай, танай цай” хэмээх үг танил сонсогдож байна уу. Энэ уриа үг нь бидний чихэнд, “Танай цай” бүтээгдэхүүн нь хэрэглээнд нэвтрээд удаж буй. Уг бүтээгдэхүүнийг сонгож, уриа үгийг боловсруулсан мэргэжилтэн “БОСА Импекс” ХХК-ийн Гадаад худалдааны хэлстийн дарга Т.АНАРТАЙ хийсэн ярилцлагаа уншигч танд толилуулъя.
Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн сайн байна уу. Намайг Тансаглангийн Анар гэдэг. 1989 онд тухайн үеийн Югослав, одоогийн Серби улсын Белград хотод төрсөн. 6 нас хүртлээ Герман улсад амьдарч байгаад Монголдоо ирж амьдарсан. Ингээд 33-р сургуульд элсэн суралцаж төгссөн. Дараа нь МУИС-н Гадаад хэл соёлын сургуульд Испани хэл соёлоор элсэн суралцсан бөгөөд 4-р курсээ Европын Холбооны тэтгэлгээр Испани улсын Мүрси хотод үргэлжлүүлэн суралцаж “Испани хэлний багш, хэл судлаач” мэргэжил эзэмшин төгссөн.
Сургууль төгсөж байх үе буюу 2011 онд уул уурхайн салбар хөгжиж ид мода болж байсан үе байсан тул энэ чиглэлээр ажилладаг гадны хөрөнгө оруулалттай Грейт Фрагон групп компанид Гадаад харилцааны менежерээр ажилд орсон. Энэ компанид гадаад харилцааг хариуцахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын тайлан бэлдэж илгээх зэрэг ажлыг гүйцэтгэдэг байсан. Гэвч 2013 оноос улс төрийн нөхцөл байдал уул уурхайн салбарт ээлгүй болсоноор гадны хөрөнгө оруулалттай олон компани хаалгаа барьсан явдал манай компанид ч мөн давтагдсан.
Ингээд ажил хайж БОСА Импекс ХХК-д анкет, материалаа явуулснаар тус компанитай холбогдсон түүхтэй. 2013 онд тус компанид Импортын менежер, 2018 онд БОСА Холдинг ХХК-д Гадаад харилцааны менежер, 2019 оноос БОСА Импекс ХХК-д Гадаад худалдаа, брэнд хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.
Испани хэлний багш мэргэжилтэй хүн уул уурхай, импорт худалдаа зэрэг өөр салбаруудад ажиллажээ. Энэ хүртэл ажиллахдаа хуримтлуулсан гол туршлага тань юу байв? Эзэмшсэн мэргэжил тань их суурь болдог байх?
Би Испани хэлний багш мэргэжилдээ дуртай, хэл заах сонирхолтой. Ер нь хүн төрөлхтөн галыг нээсний дараах хамгийн чухал нээлт бол хэл гэж боддог. Мэргэжлээсээ өөр салбарт ажиллахад хүнд соргог, ажигч байдал маш чухал нөлөөтэй. Ер нь хүний их сургуульд олж авсан мэдлэгээс илүү амьдралд, ажлын байранд олж авсан мэдлэг, чадвар илүү хэрэгцээтэй байдаг юм байна. Гол нь аливаа зүйлийг сурах тэмүүлэлтэй байх, түүнийгээ үргэлж зүлгэж байх ёстой гэдгийг ойлгосон доо. Уул уурхайн компанид ажиллаж байхдаа би баргийн шинэ төгсөгчөөс илүү уул уурхай, геологийн чиглэлийн мэдлэгтэй болсон гэхэл хилсдэхгүй. Тэгэхээр хүнд хаана ч байсан юуг ч сурах эрмэлзэл, тууштай байдал чухал санагддаг даа.
Таныг 4 гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг гэж дуулсан. Энэ олон гадаад хэлийг хэрхэн сурав, хэл сурсан туршлагаасаа хуваалцвал?
/Инээв/Бага насандаа Германд амьдарч Германаар хэлд орж, бусадтай анх харилцсан тул миний 2 дахь төрөлх хэл гэж болно. Орос хэлийг 33-р сургуульд сурсан. Герман, Орос хэлийг бол өөрөө дурлаж сурсан гэхээсээ илүү амьдралын хэрэгцээ шаардлагаар сурсан гэх үү дээ. Харин англи хэлийг бол ёстой өөрөө дурлаж сурсан гэхэд болно. Хүүхэд байхдаа Cartoon network суваг үзэж танилцсан англи хэлээ сурагч байхдаа нэмж сонгон суралцсан. Олон олимпиад, уралдаанд орж байсан. Дунд сургуульд байхдаа хэл сурсан чиглэлээрээ олон улсын байгууллагад ажиллана гэж мөрөөддөг байлаа. Тиймдээ ч оюутан болохдоо олон улсад хамгийн их хэрэглэгддэг хэлнээс нэмж суръя гээд испани хэлний ангид суралцсан юм. Франц хэлийг мөн оюутан байхдаа хоёр дахь хэлээр сонгон сурсан, гэхдээ бусад 4 хэл шиг сайн төвшинд биш.
Тэгэхээр 4 биш 5 хэл мэддэг байх нь ээ? Яаж ийм олон хэл сурав аа?
Надад хэл сурах онц арга гэхээр зүйл байхгүй дээ, хамгийн гол нь хүн өөртөө хэрэгцээ гаргах л чухал байдаг юм билээ.
Ямар нэгэн байдлаар тухайн хэлээр орчинд нь ярих шаардлага гарах нөхцөл тулгарвал илүү хурдан сурдаг юм билээ. Хэлээ сурахгүй бол ойлголцохгүй тул хүссэн хүсээгүй сурна. Хэл сурахыг амьдралын шаардлага л болгох хэрэгтэй. Хүний оюун ухаан юмыг ойлгохдоо маш уян хатан байдаг, тиймээс хэл сурахдаа зүгээр нэг үгийг робот шиг эсвэл толь бичиг шиг цээжлэх биш харин тухайн үгийн утга, хэл соёлдоо хэрхэн илэрхийлэгдэж байгаа үндсэн философийг нь ойлгож сурвал илүү сонирхолтой, бөгөөд хурдан сурна. Жишээ нь бид бороо орж байна гэж ярьдаг бол Орос хэлэнд бороо явж байна гэж ярьдаг гэх мэт. Тиймээс хэл сурахдаа тухайн соёлыг давхар судлаж ойлгохийг хичээх нь үр дүнтэй юм болов уу. Ер нь олон хэл сурсанаар хүн илүү өргөн цар хүрээнд сэтгэх чадвартай болдог.
Импортын компанид гадаад харилцаа хариуцаж ажиллахад мэдээж энэ олон хэлний мэдлэг маш чухал зэвсэг, давуу тал болдог байх. Гэхдээ импортын компанийн ажил амаргүй л харагддаг, ийм компанид ажиллахад бэрхшээлтэй асуудал их байдаг уу?
Бэрхшээлээс түрүүн давуу тал маш их байдаг. Олон янзын орны олон төрлийн компанийн экспорт менежерүүдтэй харилцаж, маш их зүйлийг суралцах боломж гардаг. Тэдний ажлаа явуулж байгаа байдал, хүнтэй харилцах арга барил, биеэ авч яваа байдал, үгүй ядаж л мэйлээ хэрхэн бичиж байгаа зэрэг hard болон soft чадваруудаас нь ажлаа хийнгээ суралцана гэдэг маш том давуу тал, үнэгүй сурах бичиг болдог. Мөн улс болгоны соёлтой танилцах боломж бүрддэг. Ер нь гадаад харилцагчтай харилцана гэдэг нь олон улсын соёлоос суралцах, өөрийнхөө хэлний болон бусад мэргэжлийн төвшингөө өсгөх таатай нөхцөлболдог.
Бэрхшээлтэй зүйл гэвэл мэдээж байгаа. Тэдгээр олон гадаад харилцагч нарын ажлаа явуулах хэв маяг Монголчуудын ажлаа явуулах хэв маяг, ойлголт таарахгүй байх тохиолдол бий. Жишээ нь Монголчуудын хувьд үдээс өмнө уулзъя гэвэл хоорондоо ойлголцох боломжтой, харин гадаад харилцагчтай бол цагаа тов тодорхой хэлэхгүй үдээс өмнө эсвэл хойш гэвэл ойлгохгүй байх гэх мэт ойлголтын зөрүү гардаг. Мөн цагтай уралдаж ажиллах тал дээр манай салбар маш мэдрэмтгий. 1 юм уу 2 хоног битгий хэл цагаар хоцроход хил гааль хаах, харилцагч гэрээгээ цуцлах гэх мэтээр бидний ажил үргэлж цаг нартай завсаргүй уралдаж байдаг. Улс хоорондын цагийн зөрүүг тооцох, хүн хоорондын ойлголтыг нэгтгэж хамтарч ажиллах гэх мэт менежментийн ур чадвар их шаардагддаг ажил. Энэ бүхнийг зохицуулж өнөөдөр бусдаас өрсөж харилцагчдаа бараагаа нийлүүлэхгүй бол өрсөлдөгч тал нийлүүлчихдэг, маргааш нь манай барааг авах боломжгүй өрсөлдөөн дунд амьдарч байна даа.
Энэ их өрсөлдөөн дунд цагтай уралдаж завгүй ажилладаг хүний хувьд ажлын арга барил чухал болов уу? Ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Хамгийн түрүүнд өглөө ирээд и мэйлээ шалгадаг. 8 цагт ирлээ гэхэд 8.30 хүртэл и мэйлээ шалгаад ажлын дараалалд оруулж, барааны үлдэгдлээ харж анализ хийнэ. Ер нь мэдээллээ нэгтгэж аваад дараалалд оруулж гүйцэтгэдэг. Амжаагүй ажлаа дараа өдөртөө шилжүүлдэг. Манай ажлын хувьд и мэйл болгон маш ач холбогдолтой, үнэ цэнэтэй байдаг. Яаралтай биш эрэмбэд оруулчих ажил бараг байдаггүй дээ. Тэгэхээр олон ажлыг нэг зэрэг амжуулах шаардлагатай байдаг. Ялангуяа гадаад харилцагч нарын и мэйл бол анхаарлын улаан гэрэл тархинд автоматаар асаана шүү. /инээв/
Хүмүүс импортын худалдааг гадаад орноос ямар нэгэн барааг дурын тээврийн хэрэгслээр оруулж ирээд, дэлгүүрт тавиад борлуулчихдаг гэж ойлгодог. Гэтэл тэр барааг оруулж ирэхийн тулд гадаад харилцагчтай ойлголцох, нэг ойлголтын төвшинд мэдээлэл солилцох, бараа тээвэрлэлт гээд олон шат дамжлага туулдаг байх. Эдгээрээс хамгийн хүнд хариуцлагатай үе нь?
Хэрэглэгчдийн гарт бүтээгдэхүүнийг хүргэхийн тулд үйл ажиллагааны хувьд маш олон шат дамжлага дамжина шүү дээ. Зүгээр ч нэг гаднаас бараа бүтээгдэхүүн аваад борлуулчихаж байгаа амархан ажил биш юм. Үйл ажиллагааны хувьд бүгд л чухал үе шат байдаг, гэхдээ харилцаанаас бүх зүйл эхэлдэг тул гадаад харилцагчтай холбоо тогтоох, харилцах, гэрээ хийх, мөн хамтын ажиллагааг барих, тогтоох, тордох гэх мэт үе шатууд чухал. Гадаад харилцааны менежерийн хувьд би болон манай хэлтсийн хувьд биеэ авч явах байдал маш чухал, хариуцлагатай үүрэг гэж боддог. Яагаад гэхээр бидэнтэй уулзсан гадаад харилцагч биднээр компанийг маань дүгнэж ямар үнээр ямар барааг санал болгож, ямар туслалцаа дэмжлэг үзүүлэх вэ гэдгээ шийддэг. Нэг ёсондоо компанийнхаа удирдлага болон 200,300 ажилтныг төлөөлж үг хэлж, гарын үсэг зурснаар харилцаа тогтдог. Нэг талаас харилцагчийн хүсэл, нөгөө талаас бидний хүсэл, 3 дахь талаас хэрэглэгчийн хүсэл гээд 3 хүсэл сонирхлыг нэг цэгт уулзуулсан тохиолдолд хэлэлцээр амжилттай болно.
Энэ их өрсөлдөөн, завгүй ажлын дунд өөрийгөө хэрхэн амрааж, хүчээ сэлбэдэг вэ?
Би дартс тоглодог. Клубээр нэг үе хичээллэж байсан. Гэхдээ ажлын боломж заваас шалтгаалаад хичээллэж амжихгүй байсан. Ажлын бус цагийг ихэвчлэн гэр бүлдээ л зарцуулдаг.
Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ, өдөр тутмын мэдээллээ ямар эх үүсвэрээс авч байна вэ?
BBC, CNN, REUTERS, BLOOMBERG зэрэг дэлхийн мэдээллийн томоохон эх үүсвэрүүдээс мэдээллээ авдаг. Ер нь хувь хүний хөгжлийн ном сониноос илүүтэй цаг үеийн мэдээ мэдээллийг байнга авч байх нь ажил үүргийн шаардлага юм. Тухайлбал Коронвирусын тухай мэдээллийг эрүүл мэндийн ажилтан, албан хаагч шиг өдөр тутам авч ажиглаж байна. Учир нь бидний ажил дэлхий дахин дахь тээвэр, шуудан харилцаа холбоо, хорио цээртэй ихээхэн хамааралтай байдаг. Цаг үеийн байдлаас шалтгаалж, татан авалт, тээвэр төлөвлөх гэх мэтчилэн ажлын шаардлагаар нарийн төлөвлөлт хийхэд суралцаж, хөгжиж байна даа.
БОСА Импекс ХХК-с ажлын гараагаа эхлүүлсэн гэж дурдсан. Яагаад БОСА Импекс ХХК-г сонгож ажилд орсон бэ?
Их энгийн, би анхнаасаа ажил хайж эхлээд ганц газарт л анкет өгсөн нь БОСА Импекс ХХК. Ажлын ярилцлагад ороод тэнцсэн. Ингээд 21 хоног туршилтийн хугацаанд ажилласны дараа нь үндсэн ажилтан болж байлаа. Түүнээс хойш 7 жил өнгөрсөн байна.
Компанитай холбоотой хамгийн тод дурсамж тань?
Гадаад худалдааны менежер буюу цагаан гартан ажилд орсон. Гэтэл анх ажилд орсон өдөр харилцагчийн өдөрлөг болж, нэг ачигчийн хамт намайг авч явсан юм. Тэгээд очих газраа очтол надаар машин дүүрэн хайрцагтай барааг цахилгаан шатгүй байрны 5 давхар луу зөөлгөж билээ. Тухайн үед нь маш их гайхаж, цочирдож хүлээж авсан. Гадаад худалдааны менежер хирнээ ачигчийн ажил хийлгэхээр хүн гайхалгүй яах вэ дээ. Гэхдээ энэ нь тохиолдол байсан юм билээ. Хэрэв би тэр үед намайг хар ажил хийлгэлээ гээд шантарсан бол би өдийд энэ зэрэгт хүрэхгүй байсан. Тухайн үед тэр харилцагчийн өдөрлөг гэдэг юмны ач холбогдлыг ойлгохгүй л байсан байгаа юм. Гэтэл тэр өдөрлөг нь компани хэр хэмжээний борлуулалт хийж, барааны нөөц багасгах зэрэг их үнэ цэнтэй арга хэмжээ байхгүй юу. Би компанидаа олон төрлийн ажил хийсэн дээ. Борлуулагч, маркетингийн менежер, амталгаат худалдаа зохион байгуулагч гэх мэт. Тэгж байж хийх ажлаа цогцоор нь мэдэрч, ойлгодог. Үүнийг ойлгосноос хойш янз бүрийн ажил гарахад гайхах эргэлзэх зүйлгүй миний хийх ёстой ажил гээд барьж авч гүйцэтгэдэг болсон.
Танай компани олон төрлийн бүтээгдэхүүн импортолдог. Эдгээр бараа бүтээгдэхүүнээ хэрхэн сонгож, ямар шалгуур тавьдаг вэ? Импортын бодлогоо тодорхойлбол?
Бид 2 эх үүсвэрээр судалгаа хийдэг. 1-рт шууд зах зээл дээр эрэлттэй, орон зайтай байгаа бараа бүтээгдэхүүнийг түүвэрлэж сонгоод гадаад харилцагчтай холбогдож үнийн санал, барааны каталог авдаг. Үүнийгээ удирдлага болон менежерүүдэд танилцуулж хэлэлцээд шийдвэр гаргадаг. 2-рт бид Франц, Орос, Солонгос, АНУ зэрэг олон орны дэлхийн хүнсний томоохон үзэсгэлэн худалдаануудад очиж судалгаа хийдэг. Тэндээс авсан бараа бүтээгдэхүүний дээж, каталог зэргийг судалгааны зориулалтаар авчирна. Мөн тухайн үйлдвэрлэгчийн болон барааны чанар баталгаатай байдлыг үйлдвэр дээр нь очиж үзэх, олон улсын стандарт чанарын шаардлага хангасан эсэх, тээвэрлэлтийн аюулгүй байдал зэрэг нь барааг сонгох гол шалгуур болгодог. Ер нь ямар улсаас ямар бараа бүтээгдэхүүн авах вэ гэдэг дээр их бодлого бодно, хүний амаар орох хүнсний бүтээгдэхүүн учраас маш хариуцлагатай хандаж хамгийн чанартай бараа бүтээгдэхүүнийг импортлохыг зорьдог. Чанар муутай бүтээгдэхүүн импортловол эцэстээ хэрэглэгч, давхар компани ч өөрөө хохирно. Тиймээс хэрэглэгчээ өөртэйгээ, өөрийн компанитайгаа адилтган үзэж бараа сонгох хэрэгтэй. Ийм сэтгэл, зарчмыг бусад компаниуд ч мөрдөж байвал хилээр чанаргүй бараа бүтээгдэхүүн орж ирэхгүй. Хэт ашиг хөөцөлдөж, хайнга хандах салбар бол манай салбар огт биш. Энэ тал дээр бол миний хувийн итгэл үнэмшил болоод манай компанийн импортын бодлого нэг шугамд байдаг нь ажиллахад сэтгэлд сэвгүй, өег байдаг. Ер нь хүний амаар орж буй хүнс бүр эм болох ёстой гэдэг, бүр ядаж эм биш юм гэхэд хор болохгүй л байх ёстой. Импортлогчид улс үндэстнийхээ өмнө маш том хариуцлага үүрсэн гэж санах хэрэгтэй.
Өөрөө явж үзэж шилж сонгодог бараа бүтээгдэхүүнээсээ та өөрөө хэрэглэдэг үү?
Байнга хэрэглэдэг шүү/инээв/. Манай алба болон нийт компанийн ажилчид ч өөрсдийн импортолсон бүтээгдэхүүнээ ямар ч эргэлзээгүйгээр сонгож хэрэглэдэг. Тухайлбал “Эрүүл зүрхний төлөө” уриатай “Simply” брэндийн шар буурцагны тос, “Bon bon”, “Танай цай” гэх мэт олонд хэдийн танил болсон брэнд бүтээгдэхүүнүүд байна.
“Хүн бүрийн дуртай хүслийн амттай чихэр Bebeto” чихрийн дуу хүүхдүүдийн чихэнд хоногшсон гэхэд бараг хилсдэхгүй болов уу. Бүтээгдэхүүнүүдийнхээ брэнд болсон дуу, шүлэг, зүйрлэлийн санааг хэрхэн олдог вэ?
Бүтээгдэхүүн бүрд онцлог шинжийг нь илэрхийлсэн үг, уриа байдаг. Жишээ нь өөрийн чинь сая хэлсэн Bebeto чихрийн дуу бол нэг жишээ.
“Манай гэрийн цай Танай цай” гэх уриа үгийг жишээ нь би зохиосон/инээв/. Энэ мэтчилэн бүтээгдэхүүний нэр, онцлог шинжийг илтгэсэн дулаан сайхан үгсийг хэрэглэгчиддээ илгээж бүтээгдэхүүнээ хоногшуулдаг. Хоногших их чухал. Хэчнээн сайн бүтээгдэхүүн байсан ч хэрэглэгчдэд таниулж мэдүүлэхгүй бол худалдаж авахгүй. Брэнд үг, уриа зэрэг дээр маркетингийн багийнхантайгаа нийлж санаагаа уралдуулж байж олдог.
Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг таниулахын тулд зар сурталчилгаа хийдэг. Гэтэл дуу алдам, хорхой хүрэм зар сурталчилгааны ард чанаргүй бараа бүтээгдэхүүн байх нь бий. Чанартай бүтээгдэхүүн авахын тулд хэрэглэгч юуг анхаарах ёстой вэ?
Бараа бүтээгдэхүүний олон улсын код, стандарт гэж байдаг. ISO, BFC гэх зэрэг. Эдгээр стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Зарим бүтээгдэхүүнүүд ийм сертификатаа барааны нүүрэн дээр хэвлэсэн байдаг, зарим нь байдаггүй. Ийм бүтээгдэхүүний ар талын Евразийн холбооны стандартын дагуу үйлдвэрлэгдсэн тухай бичиг байдаг. Гэхдээ манай улсад Англи, Орос хэлийг бүтээгдэхүүний шошгожилтод зөвшөөрсөн байдаг. Хэрэв энэ 2 хэлээс өөр хэлээр бичигдсэн бүтээгдэхүүн байвал дээрх олон улсын стандартаар үйлдвэрлэгдсэн гэх тэмдэг, тэмдэглэгээг хайх хэрэгтэй. ISO стандарттай бүтээгдэхүүн байвал итгэж болно гэсэн үг. Энэ стандартыг олгохын өмнө тухайн бүтээгдэхүүний үйлдвэрт ямар түүхий эд хүлээж авч байна, түүхий эдээ хэрхэн хүлээж авч байна, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хортой бодис нь хэр хэмжээнд орсон, үйлдвэрийн шат дамжлаг нь зохист төвшинд явагдаж байна уу, үйлдвэрийн байр болон ажилчдын эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал гэх мэт олон үзүүлэлтээр аудит, шалгалт хийгдэж байж олгогддог олон улсын стандарт. Нэг олгосон стандартыг тэр чигт нь орхихгүй, 3 жил тутамд нэг удаа дахин магадлан итгэмжилдэг. Стандарт олон улсад нэг л хэлээр ойлгогддог, хэрвээ ISO стандарттай бол та итгэж болно гэсэн утгыг илэрхийлдэг.
Шинэ төрлийн коронавирустай холбоотойгоор хүнсний хомсдол үүсэх, тасалдах асуудал дэлхийн бусад хөгжилтэй орнуудад түгээмэл болсон. Манай улсын хувьд импортын хүнс маш ихтэй ч гэсэн хомсдол үүсэхгүй байгаа нь сайшаалтай. Засгийн газрын шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлд ажиллаж байгаа. БОСА Импекс компани энэ тал дээр хэрхэн ажиллаж байна?
Бид Улаанбаатар хотын 90-95%-д хүрч бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Мах ногооноос бусад бүх бүтээгдэхүүнийг бид тасалдалгүйгээр бөөний төв, жижиглэн сүлжээгээр дамжуулан зах зээлд нийлүүлж байгаа. Ялангуяа манай бөөний төв бол бүх бараа бүтээгдэхүүнээ бөөний үнээр хэрэглэгчдэд санал болгон худалдаалдаг. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан нөөц үүсгэх тал дээр төлөвлөгөө гарган, төрийн захиргааны байгууллагуудад мэдээ, тайлан гаргаж өгч хамтран ажиллаж байна.
Компанийнхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ, хамгийн сүүлд ямар төсөл дээр ажиллаж байна, байгаа төслөө танилцуулахгүй юу?
БОСА Холдинг компаниас өөрийн гишүүн компаниуддаа ойрын 5 жилийн зорилгоо тодорхойлж, Алсын хараа, үнэт зүйлийн батламж гардуулж өгсөн. Бид алсын хараагаа “Монголд тэргүүлж, Дэлхийд өрсөлдөнө” гэж тодорхойлсон. Тиймээс энэ чиглэлд тэмүүлж, бүх үйл ажилагаагааг төлөвлөж ажиллана даа. Одоогийн байдлаар бид үндэсний топ 5 импортлогчийн нэг болсон, цаашдаа 1-рүү тэмүүлнэ. Үүнтэй холбогдуулан компанийнхаа ирээдүйг маш өөдрөгөөр төсөөлж, төлөвлөж байгаа.
Импортын компанийн үйл ажиллагаа өргөжнө гэхээр гадаад харилцагчийн тоо нэмэгдэнэ гэж шууд ойлгож байна. Одоогийн харилцаж буй харилцагч нарын тань та бүхний талаарх үнэлэмж, сэтгэгдэл сайн байж дараагийн харилцагч нар нэмэгдэх үндэс болох болов уу? Гадаад харилцаагаа үнэлбэл?
Эхэн үедээ бид өөрсдөө харилцагч олохоор гадагшаа их ханддаг байсан бол одоо гадаад харилцагч нар өөрсдөө бидэнд их ханддаг болсон. Энэ нь бидний гадаад нэр хүнд өссөнийг мөн манай компанийн потенциалыг зах зээл дэх тоглолтоос олж харсныг харуулж байгаа хэрэг гэж ойлгож болно. Ялангуяа ОХУ -с санал түлхүү ирж байна. Тэгэхээр цаашид энэ мэт байр суурь, нэр хүндээ бататгаж ажиллана. Мөн гадаад харилцагчаас гадна бидэнд дотоод харилцагч нар бий. Дотоод харилцагчид чиглэсэн үйл ажиллагаа, хөгжүүлэх бодлого бас чухал байдаг. Ер нь харилцаа гадаад болон дотоод гэсэн 2 зах зээлд ажилладаг.
Өдрийн ихэнх цагийг хамт өнгөрүүлж буй хамт олныхоо талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Анх ажилд 23 настай залуу орж байлаа. Өнөөдөр харин намайг ах гэж дуудах олон шинэ залуу ажилтнуудтай болсон байна. Мөн компанидаа удаан хугацаанд тогтвортой сайхан ажиллаж байгаа ахмад ажилтнууд ч бий, шинэ хуучин, хөгшин залуу гэж ялгаа гаргаж, бие биенээ дарга цэргээр нь дуудахаасаа илүүтэй найзууд юм шиг энгийн, чөлөөтэй харилцаж ажлаа явуулдаг. Бид хүссэн хүсээгүй ажлаасаа стресс авч байгаа, түүн дээрээ нэмээд стресс авах хэрэггүй гэж үздэг. Тиймдээ ч өдрийн цайны цагаар хоолны ширээний ард ажил ярихгүй байх, утсаар ярихгүй, утас оролдохгүй байх зэрэг бичигдээгүй дүрэм баримталдаг/Инээв/. Энэ нь жижиг юм шиг боловч хүмүүст их эерэг нөлөөтэй байдаг нь анзаарагддаг. Миний хувьд энэ үеэр хамт олныхоо сэтгэл санааг, бодлыг хуваалцахад чухалчилдаг.
Өнөөгийн бидний нийгэмд эерэг сайн зүйлүүд ч олон байна, харуусмаар зүйлс ч олон болж. Таны бусадтай хуваалцах юмсан гэж тээж явдаг бодол?
Монголчуудын ч гэлтгүй хүн төрөлхтний л нийтлэг дутагдал байх даа. Сургаар юмыг дүгнэдэг зуршил гэх юм уу, дутагдлаа засаасай гэж боддог. Асуудлыг ул суурьтай нягталж байж хэлэх үг, шийдвэрээ гаргаж байх нь хожмын алдаа гарахаас сэргийлдэг. Сошиал хэрэглээ хэт дэлгэрснээс үүдэлтэй бидний энэ алдаа улам түгээмэл, улам нийтлэг болж байна. Тиймээс мэдээллийн эх үүсвэрээ нягтлах, судалгаатай харьцуулах, экспертүүдийн мэдээлэлтэй тулгах гэх мэтээр 7 хэмжиж 1 огтолж мэдээллийг боловсруулж, хүлээж аваад сурчихвал мэдээлэлдээ живсэн энэ үед буруу ташаа мэдээлэл авч стресс нэмэхгүй байхад их хэрэг болно байх.
Мөн үеийн залуу мэргэжилтэн, ялангуяа импортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуддаа уриалахад таны оруулж ирж буй хүнсийг та өөртөө эсвэл гэр бүлийнхэндээ хамгийн сайныг сонгодог шигээ үзэж, харж, шалгаж байж сонгож, оруулж ирээсэй гэж хүсэж байна. Монголчууд бид цөөхүүлээ учраас хүнсний салбартаа маш их анхаарч байх ёстой.
Сайхан уриалга дэвшүүлсэнд баярлалаа. Ярилцахад таатай байлаа. Танд ажлын амжилт хүсье. Баярлалаа.